1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Хоёрдугаар зөвлөлгөөн ажлаа эхэллээ. Тэргүүлэгч, илтгэгчгүй эхэллээ. Өглөө үг хэлэхээр нэрээ өглөө. Үдээс хойшхи хуралдааны өмнө нэрээ асуусан чинь алга байв. Үдээс хойшхи хуралдааны үеэр Энхбаатар (МонЦаМэ) гарч үг хэлэв. Маш бүдэг ярилаа. Урьд орой нь бид хоёр тэднийд очиж хөтөлбөрийн төсөл ярьсан юм. Би тэр шөнө унтаагүй төсөл, хэлэх үгээ боловсруулж хоносон юм. Түүнийгээ хэлж байгууллагаа зарлах ёстой байлаа. Залуучууд маш сонирхож зарлахыг шаардаж байв.

Хурал удирдаж байгаа хүнд бичиг өгөхийг далимдуулж тайзан дээр гараад “Нэгэнт энд гараад ирлээ үгээ хэлээд бууя” гээд үгээ эхэлтэл хурал удирдаж байсан хүн (Даваадорж. Жанцанноров) буухыг шаардлаа. Зөвлөлгөөний төлөөлөгчид үг хэлүүлэхийг шаардлаа. Ш.Гүрбазар үг хэлэх байсан учир миний ард зогсчихов. Тэгээд зөвшөөрөлгүй гарч ирсэн, цагаар шахуулсан учир нилээд яарч сандаруу үгээ хэллээ. Хүмүүс маш сайхан хүлээж авлаа. Миний нэрийг үг хэлсний дараа бичиж авав. Залуучуудын сайн дурын, олон нийтийн ил байгууллага байгуулах шаардлага гарсныг хэлж үүнд идэвхтэй оролцохыг уриалсан юм. Сүхбаатар (УБДС IV физик) гарч үг хэлэв. Базаррагчаа (жүжигчин) үг хэлэхдээ өөрийнхөө цагийг Сүхбаатарт өгсөн юм. Би телевизийн редактор Чулуунбаатартай ингэж тохирсон боловч тэр миний нэрийг дуудаж чадаагүй юм. Тэгээд ямар ч зөвшөөрөлгүйгээр, нэр нь гараагүй байхад индэрт гарсан ганц хүн нь би боллоо.

Сүхбаатар байгууллагын тухай хэлж зорилгыг нь танилцууллаа. Бид хоёр ч тэгэж тохирч үгээ бэлдсэн юм.

Бидний дараа үг хэлсэн хүмүүс байгууллагын тухай дурсаагүй индрээс бууж байсан нь хүнд байв. Мөн л айсан бэргэсэн сэтгэлгээ тэднийг хүлээд байх шиг санагдлаа. Залуучууд нь ийм болчихсон байхад Монголын ирээдүй тун бүдэг байгаа нь харагдав. Гэхдээ залуучуудыг сэрээж зөв уриалж чадвал зорилго биелмээр бодогдож байна.

ШУТСО (Шинжлэх Ухаан, Техник, Соёлын Ордон)-д УБ-ын залуучуудын хамтарсан эстрад тоглолт үзлээ. Тэгээд гэртээ ирэв. Маш их ядарчээ.

Дурсамж хуваалцах