1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Зөвлөлгөөний хоёр дахь өдөр. Салбар хуралдаан болов. Сэтгүүлчийнх дээр орж (жүжигчид байв) өөрийнхөө бодлыг овоо тодорхой хэллээ. Үдээс хойшхи хуралдаан тайван болж өнгөрлөө. Энэ хуралдаан дээр Сүхбаатар гарч үг хэлсэн юм байна. Би урьд нь андуурчээ. Энэ тэмдэглэлийг маш яаруу 12/4-ний өдөр бичиж байгаа юм. Зөвлөлгөөний төгсгөлд Алтангэрэл дарга (МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн. Сайд нарын Зөвлөлийн орлогч) үг хэллээ. Хөвсгөлийн тухай маргааны тайлал хийлээ. Уг нь бид Хөвсгөл нуурыг хамгаалж жагсаал хийхийг орой үдэшлэг дээр уриалах гэж байсан юм. Зөвлөлгөөн дуусангуут Алтангэрэл, Намсрай, Нарангэрэл (н. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Намын төв хорооны н/б дарга АИХ-ын орлогч) (Нарангэрэл Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хорооны нэгдүгээр н/б дарга) нартай би зориг гаргаж уулзлаа. Уг нь Сүхбаатар байсан юм. Уулзахад олон хүн байлгая гээд хүн дуудахаар явчихсан юм.

Намсрай дарга – Бид хэд гэртээ барилдвал гэр нурна. Монгол хүн гэртээ барилдаж болохгүй гэлээ. Барилдах нөхцөл бүрэлдчихээд байна. Үүнээс урьтаж асуудлыг зохицуулах зүйтэй юм гэж би хэллээ. Алтангэрэл Намсрай нар тун нааштай байв. Ямар нэгэн асуудлаар чөлөөтэй уулзах ам авлаа.

Нарангэрэл – Та нарын юу хийж явааг би мэдэж байна. Чи надаас би чамаас цэрвээд байвал дунд нь олон нийтийн эрх ашиг хохирно. Нийлж ярилцах нь зүйтэй гэж тохиролцов. Мөн сонины тухай миний бичсэн материалын талаар бусад зүйлийг хөндөж ярилаа. Бид дөрөв бараг 20 мин ярьсан юм.

Энэ тухайгаа санаачлагч залууст хэллээ. Тэд маш баяртай хүлээж авлаа. Тэр дороо тэргүүлэгч 9 хүний нэр бичиж авлаа. (Д.Энхбаатар, Сүхбаатар, Базаррагчаа, Жамъян, Алтансүх, Нямсүрэн, Амарсанаа, Т.Энхбаатар, Ц.Элбэгдорж). Маргааш орой 20:00 цагт Улсан барилгын зургийн төв институтад уулзахаар болов.

Орой үдэшлэгийн өмнө. Намсрай, Балхаажав, Нарангэрэл нартай бид уулзаж ярилцав. – Олон байгууллага байна, шинээр яах юм бэ? гэсэн өнгөтэй үг Балхаажав гуай хэллээ. Үдэшлэгт тэд оролцлоо. Дажгүй сайхан үдэшлэг болов. Өдөр би радиод нилээд урт ярилцлага өгсөн юм.

Залуучуудын шинэ байгууллага бий болох болсонтой холбогдож хуучин нуугдмал байсан нь холбоо барих шинж байна.

Дурсамж хуваалцах