1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Ажлын газар ирж эрхэлэгчтэй уулзлаа. Халагдана гэснээрээ халагд гэв. Уг нь би ажлаа хийх хүсэлтэй байгаа талаар ярив. Хоёр нялх хүүхэд эхнэр, хадмын хажууд байгааг хэлэх үү? Байдал нилээд хүндрэх бололтой. Ер нь халагдая гэснээрээ халагдая гэж бодлоо. Нөхөд минь хэрэггүй гэж маш их ятгаж байна. Үнэхээр тэд миний л төлөө санаа зовж буй нь илт. Армийн Улс төрийн газрын боловсон хүчний хэлтсийн дарга д/х А.Пүрэвжавтай очиж уулзлаа. Над руу дайрав. Бас хариуцлага тооцох ч юм ярилаа. Би ажлаа хийх хүсэлтэй байгаагаа хэлэв. Тэгж ойлголцоод саллаа.

Надад МАХ (Монголын Ардчилсан Холбоо)-оог орхино гэдэг худал юм. Энэ бол тактикийн арга гэж бүгд ойлгож л байна. Би ажлаа хийж байгаад МАХ (Монголын Ардчилсан Холбоо) -оог хөл дээрээ зогсоход ажлаасаа гарж болох юм. Бид ийм л ойлголттой байлаа. Шөнө дөл болтол бид ажилласаар л байна. Албан байгууллагууд дээд газар дэмжихгүй хорихгүй гэж ярьж байна. Гэвч алдаа гаргавал түлхчихэж магадгүй юм. Ийм юм урд нь байгаагүй учир маш олон янзын бэрхшээл тулгардаг байна. Орой Сумъяатай явж Залуучуудын соёлын төвд Болорцом-89-ын шалгаруулалтад очиж сонирхлоо. Сайхан болж байна.

Дурсамж хуваалцах