1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө эрт бослоо. Нилээд хүйтэн хүйтэн байв. Редакцид ирж Чойжилын зурсан 3 плакатыг авлаа. 09:00 болж байхад Залуучуудын соёлын төвд очлоо. Зохицуулах зөвлөлийнхөний зарим нь иржээ. Хондо моторт бензин оллоо. Техник хэрэгсэл олох хүн маань (3-р нэгдсэн эмнэлэгт инжинер Баяржаргал) урьд шөнө ажил дээрээсээ баригдсан байна. НАХЯ-руу райод, төв сэргийлэх рүү утасдаж асуусан боловч нааштай хариу өгсөнгүй. Хүн хүлээж цуглааныг 11:30-д эхэллээ. Цуглааныг нээж би үг хэллээ. Энэ цуглаан нь хүмүүс санасан бодсоноо айж эмээхгүй хэлэх, шударга шүүмжлэл өрнөсөн анхны цуглаан ч байж магадгүй.

Яг энэ үеэр зарим аймаг, хот, төв суурин газар жагсаал болжээ. Мөн өнөөдөр Олон Улсын хүний эрхийн өдөр. Энхбаатар.Д хүний эрхийн тухай, Амарсанаа МАХ-ын, Энхээ хүнд суртлын, Сүхбаатар өөрчлөн байгалалтын, хэвлэлийн эрх чөлөөний – Базаррагчаа, ажилчны – Азбаяр талаар нар ярив. Мөн цуглаанаас МАХН-ын ТХ-ны VII бүгд хурал, АИХ-ын VII чуулганд өргөх бичиг гаргалаа. Цуглаанд хэд хэдэн хүн үг хэллээ.

(Баасан – лам, Арвис – зураач, Равдан – жүжигчин… нар) үг хэллээ. Цуглаан маш зохион байгуулалттай, хүмүүсийн сэтгэлд хүрсэн байдалтай болов. Маш олон аппарат, микрофон барьсан хүмүүс байв. АДН, Синхуа, ТАСС, бусад агентлагийн төлөөлөгчид байв. Надтай ТАСС, Комс Правдагийн сурвалжлагч уулзлаа. Цуглаан хийгээд талбайгаа цэвэрлэлээ.

Арслан, Мөнхөлдорж, Эрдүү эгч охинтойгоо ирж цуглаанд оролцжээ. Би нөхдөөсөө зөвшөөрөл авч Төв аймаг Мөнхөл, Эрдүү эгч нартай хувийн мерседес хөлсөлж явлаа. Их булаг очиж Түмэнлхагватай уулзлаа. Буцаж бас хувийн машинаар буцаж ирлээ. Мөнхөл Эрдүү эгч охинтойгоо манайд хонолоо. Орой “цаг үе, үйл явдлаар” – цуглааны ажиллагаанаас харууллаа.

Анх Монголын Ардчилсан Холбооны үр хөврөлийг бүтээхэд өнөөдрийн үйл явдлын тухай бодогдохгүй байлаа. 1989 оны 11-р сарын 27-ны орой нэг эвсэл бий болгох тухай зарлаж, хүмүүс төдийлөн ойлгохгүй гарч байсныг бодвол санасандаа бараг хүрлээ. Гэвч дөнгөж Монголын Ардчилсан Холбоо төрлөө. Төрөхийн өмнөх зовлон их байлаа. Өнөөдөр МАХ (Монголын Ардчилсан Холбоо) -оог байгууллаа гэдэгийг олон нийтэд зараллаа. Энэ өдрийг хүний эрхийн өдөртэй хамтатган Монголын бүх ардчилсан хүчнүүдийн эв нэгдлийн өдөр болгон тэмдэглэхээр зарлалаа. Бидэнд маш их бэрхшээл байгаа нь мэдээж. Эх орон ард түмнийхээ сайн сайхны төлөө алдрахгүй амь бие, амьдрал үгүй гэж бодном. Юуны өмнө бидний ариун гэгээн зорилгыг хүмүүс ойлгожээ.

Дурсамж хуваалцах