1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө летучек хийлээ. Бямбасүрэн дарга (Армийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга) утсаар дуудав. Очиж уулзлаа. Зөвлөлгөөн дээр миний ярьсан зүйл шинэ байгууллагын тухай сонирхлоо. Худал муу цуу тарсан бололтой. Бямбасүрэнд зөв ойлгууллаа. Эргэж редакц дээр иртэл эрхлэгч (Чантуу) дуудлаа. Бас ярьдагаа ярьж учрыг ойлгуулав. МАХН ТХ-нд нилээд яриа болсон аж.

Орой 17:00 цагт БХЯ-ны төв аппаратын ХЗЭ (Хувьсгалт Залуучуудын Эвлэл)  хороо хоёрдугаар зөвлөлгөөний төлөөлөгчидтэй уулзах уулзалт зохион байгуулав (N 320).

Туяагэрэл Ганди бид гурав жаахан хоцорч орлоо. Харин Ванчиндорж (МААУТГ-Монголын Ардын Армийн Улс Төрийн Газрын дарга) 60 орчим хүн цуглажээ. Хаянхярваа хурандаа төлөөлөгчдийг танилцуулж зөвлөлгөөний тухай ярив. Тэд тайзан дээр сууж байв. Яриа өрнөж а/х Бат-Өлзий – Элбэгдорж зөвлөлгөөнд үг хэлсэн гэсэн. Сонсмоор байна гэв. Би босож болсон үйл явдлыг ярилаа.

Ванчиндорж – Чи армийн хувцастай байж тийш очиж байдаг, Честь мундир гэж юм бий. Чи армиас цалин авч байгаа. Энэ дэглэгчдийг арилгах талаар чи юу хийсэн юм. Залуучуудыг дураар нь тавих буруу. 1930-аад онд нэг ингэсэн юм. Нөгөө 700 сүм дуганыг залуучууд устгасан. Ховд, Зүүнбаян явж ажиллах хэрэгтэй. Чи яагаад армийн улс төрийн байгууллагыг тоохгүй байна. Чи бидэнд ирж хэлэх ёстой байсан… гээд баахан бууж гарлаа. Би ч ойлгуулах талаар нилээд ярив.

  • Чи зөв ярилаа. Хоёр үеийн үзэл бодол харагдаж байна. Шоронд суулгах гэж байна. Чи тэмцэх хэрэгтэй гэж хоёр дэд хурандаа надад хэлэв.
  • Сэтгүүлч дарга хоёрын үзэл бодол харагдлаа. Сонин яллаа гэж хошууч Шагдар ирж хэллээ.

Ганди босож намайг ойлгуулах талаар ярив. Тэгээд бидний ярилцлага тарлаа.

А/д Батбаяр гэдэг хүн экстремист аятай байгууллага гэж ганцаар шүүмжиллээ.

  • Бидний үйл хэрэг шударга, зорилго ариун гэгээн. Биднийг мушгиж байгаа хүмүүст би гомдож байна гэж хэллээ. Халуухан яриа боллоо.

Маргааш өглөө 8:30-д Ванчиндорж дарга армийн ХЗЭ-ийн товчооны гишүүдтэй уулзах гэнэ.

Дурсамж хуваалцах