1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өнөөдөр сайхан дулаан байна. Өглөө 11 хүртэл ажил дээрээ байж байгаад хүүхдийн хэсгээр орж 2 хүүхдийнхээ эмнэлгийн картыг авч гэртээ ирэв. Оргил, Эрдэнэ хоёрыг Эх нялхсын төвд аваачиж эмчид үзүүллээ. Бид 4 хувийн машин хөлөглөж морьтой л явлаа.

16:00-д Сүхбаатарын районы ХЗЭ (Хувьсгалт Залуучуудын Эвлэл)-ийн хорооны байранд олон хүн цугларч ярилцлаа. Бид хөтөлбөрөө танилцуулж маргааш болох цуглааны талаар ярив. Юм чинь нарийндаа хүрэхээр санаснаар бүтчихдэг эд биш бололтой. Сэтгэлийн хөдөлгөөнөөр бүх зүйлийг нэгэн амьсгаагаар хийх гэсэн оролдлого уриалга гарч биднийг зориг зүрхгүй, айж байна гэдэгт хүртэл хүрлээ. Нилээд хурц маргалдаан болж байж өчигдөр оройн шийдсэн газраа цуглаан хийх боллоо. Зарим нь илт дургуйцэж та нарын эсрэг босно гэх хүртэл ярилаа.

Бүгд хурал, чуулганд өргөх бичиг, зохицуулах зөвлөлийг сонгох талаар ярьж, цуглааны нарийн ширийнийг ярьсаар нилээд удлаа. Бидний хөдөлгөөн их өргөжиж эгнээ маань олон хүнээр нэмэгдлээ. Орчлон клубынхан бидэнтэй нэгдлээ. Олон үзэл бодлыг нэгэн урсгалд оруулж хамгийн боломжтой аргыг сонгох маш хэцүү юм. Улс төрийн тэмцлийн аргад өдрөөс өдөрт суралцаж байна.

Дурсамж хуваалцах