1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө ажилдаа ирж Сумъяа намайг баахан ухууллаа. Эрхлэгчтэй орж уулзлаа. – Чи юу ч гэсэн сонинд ажиллахгүй хөдөө анги явж ажиллавал болох юм гэж ярилаа. Хошууч Ц.Бат-Орших маш ууртайгаар чи Холбооноосоо гарлаа сониндоо ажиллана гэж бичиж гарын үсгээ зурахыг шаардлаа. Би хэсэг балмагдлаа. Дураар нь болгож тийм үг бичиж гарын үсгээ зурав. Нарийн бичгийн дарга ингэж уурласны учир бол өнөөдөр Балхаажав дарга сэтгүүлчдийг хүлээж авч тэнд миний талаар маш өндөр авч яригджээ. Ажлаас нь яагаад халж байна, хүний эрх гэж баахан шуугилдсан байна. Юу гэж ингэж миний нэрийг тойруулан цуу ярина вэ? Би үүнээс маш эгдүүцэж байна. Манайхаас Сумъяа, Ганди, Баярмөнх оролцсон байна. Тэд ирж нилээд зүйл ярилаа.

Үдээс хойш дугуй заал орлоо. Тэнд хөдөөнөөс ирсэн ХЗЭ-ийн ажилтнууд (мэргэжил дээшлүүлж байсан) –тай манай холбооныхон уулзжээ. Би Амарсанаа, Ч.Энхээ бид 3 Улаанбаатар хот АДХГЗ (Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргаа)-ны дарга Ц.Мөнхжаргалтай очиж уулзав. Мөнхжаргал болон захиргааны тэргүүлэх гишүүд байлаа. Маргаашийн цуглааныг Сүхбаатарын талбайд хийхийг зөвшөөрөхгүй гэв. Нацагдоржийн хөшөөний дэргэд хийх тухай бод гэлээ. Бас бус нилээд зүйл ярилаа. Нөхөддөө ирж хэлвэл тэд эсэргүүцлээ. Гэвч талбайгаас холдож театрын хажууд хийхээр болов. Би маргаашийн цуглааныг хөтлөхөөр шийдлээ. Ер нь Холбоо үүсэхээс өнөө хүртэл явчихаад в тени (сүүдэрт) орно гэдэг утгагүй юм. Ер нь ил тэмцлээр дуусъя гэж бодлоо. Маргаашийн цуглааны талаар нилээд ярив. Шөнө орой тарлаа.

Дурсамж хуваалцах