1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө телевизээс Батсуурь утасдлаа. Хамтарч нэвтрүүлэг хийх тухай ярив. Ажил руугаа нилээд шамдуу орохгүй бол болохгүй нь. Өдөр Бат-Үүл ирлээ. Гуанзанд хамт оров. Дотоод (зохион байгуулалт) ажил үүргийн хуваарийг дахин нарийвчлахгүй бол болохгүй нь. Бид сахилга алдаж МАХ(Монголын Ардчилсан Холбоо)-оог бутаргаж ч мэдэх нь. Иймээс зохион байгуулалт, сахилгыг даруй бэхжүүлэх шийдвэр гаргах нь зүйтэй юм. Ер нь холбооны ажлыг уялдуулахын тулд ажлаасаа гарах нь зүйтэй юм гэж бодогдох юм.

Телевиз орлоо. Батсуурь гараад явчихаж. Болд-Эрдэнэтэй тааралдаа. Зохиолчдийн хороо орж Болор цомын ганц урилга Чойжилсүрэн гуайгаас гуйж авлаа. Дугуй зааланд ирж хэсэг тенис тоглов. Дараа нь дээш гарч нилээд юм ярилаа. Хэдэн эдийн засагч залуус ирэв. Мөн телевизийн Алтаа ирлээ. Бүгд санал бодлоо ярилаа. Би цуглаан хийх санал тавьсан боловч одоохондоо буруу гэдгээ ойлголоо. Манай холбоо одоо дотоод зохион байгуулалтаа нарийн хийх шаардлагатай болжээ.

МАХ-оог ард түмэн мэдэх боллоо. Тиймээс дүрэм, хөтөлбөр, эрх үүрэг, ажил хэргийн хуваарийг нарийн зохион байгуулж нэгэн санаатай жинхэн цул хамт олон болох хэрэгтэй байна. Зарим алдааг нарийвчлан, зарим эртэдсэн шаардлагыг буруугаа болгон хүлээж ул суурьтай ажлаа эхлэх хэрэгтэй байна. Бид яаравчлан боловсруулсан өргөх бичиг, өргөдөл, хөтөлбөр дүрэмдээ улс төрийн тактикийн алдаа гаргаж тоглох хөзрөө дэлгэжээ.

Дурсамж хуваалцах