1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө босож телевизор хэсэг үзэв. Зах костюм пиджак авахаар ээж, Одгэрэл хоёртой явлаа. Эрээд эрээд таарч тохирох юм олдсонгүй. Манай зах овоо баян юм. Харин дэлгүүрийн лангуу хэрэгтэй зүйлээр хоосорсон тул зах дээр тэр бүхэн 2 дахин илүү үнээр гүйж байна. Хоногоо өнгөрөөж ядсан нь улам ядуурч дамын наймаа хийж бусдыг шулж байгаа нь улам баяжиж амьдралын контраст улам тод харагдах боллоо. Бидний шүтэж байсан, харин хүнлүүгээ чиглэхгүй нийгэм хямарч мөхөх рүүгээ ойртож байна уу даа! Шинэ маягийн мөлжлөгийн энэ жарныг хойч үе минь юу гэцгээх бол. Олонх нь цөөнхийн төлөө ясаа гартал ажиллаж хийсэн зүйлээ минийх биш нийгмийнх гэж өөртөө халдаахгүй байсан энэ үеийг гайхах нь мэдээж. Авах гэсэн юмаа авч чадсангүй. Үнийг нь хүч хүрэхгүй юм.

Дурсамж хуваалцах