1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө БХЯ-ны сайд Улс Төрийн Газрын дарга нар дуудлаа. д/ген (дэслэгч генерал) Моломжамц, хурандаа Ванчиндорж, хурандаа Буянхишиг, д/х (дэд хурандаа) Чантуу нар байлцлаа. Намайг армийн ажлаас халах тухай ярих гэжээ! Зарим зүйл дээр тохирлоо. Армиас халагдаж ажилдаа 4 сарын 1 хүртэл байх болов. Би өргөдөл гаргахгүй гэдгээ хэллээ. Бусад олон асуудлаа хөндлөө.

Өдөр летучек хийв. Мөн болсон зүйлийг нөхдөд товчхон мэдээлэв. Чойжилтой явж Солонгод хооллов. Батцэнгэлтэй хамт ШУТСО орж Цэрэндаштай уулзлаа. Мөнгө тушаах болов. Өдөр Бат-Үүл ирлээ. МоАХ (Монголын Ардчилсан Холбоо), МАН (Монголын Ардчилсан Нам)-ыг цэвэрлэх талаар зарим зүйл ярилаа.  Эмэгтэйчүүдийн хороо орж хандивын асуудал ярив. Дараа нь гуанзанд орчихоод МУИС орж хотын чуулганд оров. Хүмүүсийн санал сэтгэгдлийг ярив.

Орой Ерөнхий Зохицуулах Зөвлөлийн гишүүд Монументальд хуралдав. Асуудал хурц тавигдлаа. Зарим нөхдийг ЕЗЗ (Ерөнхий Зохицуулах Зөвлөл), МоАХ-оос хөөхийг би санал болгов. Ёстой буцалсан шүүмжлэл маргаан боллоо. Ойрд би их уурладаг боллоо. Би ч ЕЗЗ-ийн тэргүүлэгчээс больж МоАХ-ны жирийн гишүүн болох санал оруулав. Жагаа, Малыш хоёрын асуудлыг мөн ингэж шийдвэрлэхийг шаардлаа. Би зөвхөн хувьсгалаа аврах, цаашилбал улс орон, ард түмний хувь заяаг зөв шийдэхэд тус болох үүднээс асуудлыг тавив. Шөнө 03:00 гэртээ ирэв.

Дурсамж хуваалцах