1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өнөөдөр албан ёсоор өлсгөлөн зарлаж тэмцэл, хувьсгал өрнөлтийн шат руугаа орох өдөр. Бидний хувьсгал бусад социалист орнуудад явагдаж буйг ч харсан 1917 оныхоос эрс өөр юм. Хийх арга зам нь өөр юм. 17 оныхыг хувьсгал гэж нэрлээд одоогийнхийг хүмүүс нэг л сайн ойлгож өгөхгүй байна. Одоо хувьсгалчид, эсэргүүцэгч хүчин хоёрын арга нарийсч, заримдаа хүмүүс нь хоорондоо нийлж байгаа учраас ялгаж танихад маш хэцүү байна. Мөн улс орны дотор мэдээлэл бусад зүйлийн хөгжилтөөс тогтворгүй байдал, хямрал, мөргөлдөөн үүсч магадгүй юм.

Хоёр их гүрний бага улстай харилцах харьцаа улам нарийсч улам балмад болох хандлага бий боллоо. Дотоодын дарлагч хүчин бүхнийг айлгаж, сиймхий ашиглаж ямар ч үнээр дарахад бэлэн байна. Гэвч энэ бүхнийг хувьсгалт замаар зохицуулж цаг хожих, ард түмэн улс оронд аюул тарихгүйн тулд чөтгөртэй ч ханилах шаардлага бий боллоо.

Өнөөдөр хүнд сурталт систем нурах уу ардчилсан хүчин мөхөх үү! Энэ асуудалд яг туллаа. Аль аль нөхцөлд улс оронд хүнд хэцүү байдал бий болох боловч 2 дахь нөхцөлд ард түмэн эрх чөлөөгөө олж, Монгол орон улс шиг улс болж хожих юм. Бүхнийг түүх шүүг. Түүх тухайн нөхцөлд үнэн яах аргагүй бодит байдаг жамтай.

Өглөө Нэргүй гуайнхаас редакцид ирлээ. Өдрийн тэмдэглэлүүдээ зав гарахгүй байсан учир гүйцэж бичлээ. Буцаж багшийнд очлоо. Өлсгөлөн зарласан тухай жижиг Тунхаг бичлээ. Өлсгөлөн зарлах хүмүүстэй цуг Сүхбаатарын талбай орлоо. МоАХ (Монголын Ардчилсан Холбоо)-ны 10 хүн 14:00 цагаас эхлэн Сүхбаатарын хөшөөний дэргэд өлсгөлөн зарлахаар суув. Гадаадын сурвалжлагчид сонирхохоор ирсэн хүн маш олон болов. Өлсгөлөн зохион байгуулах хороо байгуулагдав. Үүнийг би зохицуулахаар болов. Өлсөгчдийн гадуур гортиг татаж авлаа. Өнөөдөр хэд хэдэн удаа хүмүүст өлсгөлөнгийн тухай яриа хийлээ. Хүмүүс маш их сонирхож байна. Орой өлсгөлөн зарласан тухай радио телевизороор ярьжээ. Мөн АИХ (Ардын Их Хурал)-ын тэргүүлэгчид, НТХ (Намын Төв Хороо)-ноос өлсгөлөнтэй холбогдуулан Мэдэгдэл гаргажээ.

Орой Даштүдэвтэй явж хувцасаа солилоо. Даштүдэвийн гэрт очиж дулаан хувцас авч өмслөө. Орой хамгаалалтад оролцож шөнө Сүхбаатарын талбайд хонолоо. Маш их согтуу хүн талбайд байв. Эмх замбараагүй байдал ч байж магадгүй юм. Өнөөдрийн хувьд саарал байшингаас реакц алга. Олон хүний асуулта

Дурсамж хуваалцах