1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө явж хувцасаа солилоо. Хүмүүс үүр хаяархаас өмнө цугларч эхлэв. Маш олон хүн цугларлаа. Хүмүүст ухуулга хийлээ. Байнга цагаан хоолой дуугарч байв. ШДХ (Шинэ Дэвшилт Холбоо)-ий нөхөд эмэгтэйчүүдийн цуглаан, жагсаал зохион байгууллаа. Гандан хийдийн 10 гаруй лам нар ирж уншлага уншлаа. Маш олон газраас өлсөгчдийг дэмжсэн захиа цахилгаан ирлээ. Өглөө Мөнхжаргал дарга ирж уулзаад тусламж хэрэгтэй юу гэж асуугаад гэрээ хэлэлцээнд орвол туслах талаар ярив. Хүмүүс гортигноос гадагш гаргахгүй их зовоолоо. Арай гэж зам тавиулж явууллаа. Зарим нь өшиглөж авч байв.

Өдөр дунд Бямбасүрэн (Сайд нарын Зөвлөлийн орлогч) Саарал (Сайд нарын Зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга) нар Засгийн газрын ордноос Сүхбаатарын хөшөө хүртэл 30 гаруй минут явлаа. Хүмүүс шаваад маш их зовоосон бололтой. Зарим нь ч монжсон бололтой. Бямбасүрэн дарга гэрээ хэлэлцээнд орохыг хүсээд, радио телевизээр шууд дамжуулах хөдөлмөрчдийн хүсэлтийг хүлээж авч дамжуулахаар болов. Маш олон сурвалжлагч байлаа. Хүмүүс дотогш дайрч золтой л өлсөж буй хүмүүсийг гишигчихсэнгүй.

Телевизийн Эрдэнэтуяа дарга ирж 4 цагаас телестудээс шууд нэвтрүүлэг хийх тухай ярив. Би гэртээ ирж хувцасаа солиод телевиз орлоо. Содном, Бямбасүрэн бусад албаны хүмүүс МоАХ (Зориг, Элбэгдорж, Ц.Энхтүвшин, Бат-Үүл, Галсандорж, Дорлигжав), АСХ, ШДХ, МоАХ, Эх оронч фронтынхон ирсэн байв. Бямбасүрэн даргатай цуг суудал хувиарлав. Нилээд маргаж, учрыг ухуулж байж Эх оронч фронтынхоныг ажиглагчаар оруулах болов.

Хэлэлцээ 2 цаг гаруй боллоо. МАХН-ын бүгд хурлаар Онц их хурлын асуудлыг хэлэлцэх болов. Ардын түр хурлын асуудлаар мараантай хэвээр байв. Мөн өлсөгч нөхөд Улс Төрийн Товчоог огцрох мэдэгдэл хийж энэ үйлдэлтэй амиараа дэнчин тавьж буйг хэллээ. МоАХ энэ байр суурийг бүрэн дүүрэн дэмжив. Телевизээс машинаар хүргүүлж ирлээ. Эфир дууссаны дараа Содном дарга өлсгөлөн зогсоохыг маш их гуйлаа. Мөн бид байр, данс, хэвлэлийн асуудлыг тавьж ерөнхийд нь шийдвэрлүүлэхээр боллоо. Орой өлсөгчид дээр ирж хэлэлцээний дүнг хэллээ. Орой 11 өнгөрөөгөөд гэртээ ирэв. Орой байдал ширүүсч залуучууд зам хааж, ЗГО (Засгийн Газрын Ордон)-руу дайрч байв.

Дурсамж хуваалцах