1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө нөхөд дээрээ очлоо. Даарсан бололтой байв. МоАХ-ны үйл ажиллагааны талаар өлсгөлөнгийн учир утгын талаар урт мэдэгдэл хэд хэд хийв. Маш олон албан байгууллага, хамт олон, эвсэл холбоо өлсөгчдийг дэмжиж байгаа талаар мэдэгдэл хийж зарим газар ажил хаялт эхэлсэн, ажил хаяхад бэлэн байгаа талаар ярив. Оюутнууд 10:00 хүртэл сануулах журмаар хичээл хаяв. Өдөр лам нар ирж ном уншиж, сан тавьж, адис хүртээв. Зарим зарим үед байдал удирдлагаас гарахад хүрч байлаа. III эмнэлгийн эмч нар, МЭХ (Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо)-ны эхчүүд, дарга нар ирж өлсгөлөнгөө зогсоох талаар мэдэгдэл хийж байв. Хүмүүс илт эсэргүүцэж хашгичаж шуугиж байлаа. III эмнэлгийнхэн бүр хөөгдөж буцлаа. Мөн өлсөгчдийн ар гэрийнхэн мэдэгдэл хийв. Хотын Гүйцэтгэх захиргаанд зарим хүсэлт гаргалаа. Утас тавиулж авлаа. Сэргийлэхийн дарга хурандаа Хурцгэрэлтэй ярьж тусламж хүсэв.

Талбайгаар чулуу мод их болсон, биеэ авч яваа байдал, согтуучууд, бага насны хүүхэд залуучууд их нэмэгдсэн нь байдлыг улам хүндрүүлж аюултай болгож байв. Онцгой байдал тогтоох талаар ч сураг чих дэлслээ. Орой Бямбасүрэн даргын нарийн бичиг ирж уулзав. Би утсаар ярилаа. Орой 19:00-д 4 хүчний төлөөлөгчидтэй уулзах санал тавив. Тогтсон цагт ЗГО (Засгийн Газрын Ордон)-нд очлоо. Бямбасүрэн, Цахилгаан, Чимэд нар байв. Би 4 хүчний өмнөөс хэлэлцээ эхлэв. Бямбасүрэн дарга нам засгийн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. УТТовчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан тухай, намтай холбогдсон асуудлыг шийдсэн тухай, АТХ (Ардын Түр Хурал)-ын асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх тухай ярив. Яриа 2 цаг шахам үргэлжилж өлсгөлөн зогсоох шийдвэр гаргалаа. Бичлэгийг орой бүтнээр нь телевизээр явуулав. Телевизийнхэн болон хэвлэл мэдээлэлийнхэн баахан сурвалжлага авлаа.

Хэлэлцээний мэдээг талбайд цугласан олонд мэдээлэв. Хүмүүс маш их баяр хөөр болж байлаа. Ардчилсан хувьсгалын шийдвэрлэх алхам хийгдэж, хэлэлцээний ширээнд эрх тэгш суух боллоо. Улс орны дээд удирдлага бүлэг хүний хосолсон засаглал огцорч хувьсгалын гараа амжилтаар өндөрлөж цаашдын мөн нэн төвөгтэй үе рүүгээ орлоо. Надад заналхийлсэн асуудал ихсэж, байдал амь насанд аюултай байдлаар эргэх болсон учир эмнэлгийн машинаар түргэн хугацаанд гэртээ хүргүүллээ.

Дурсамж хуваалцах