1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өчигдөр шөнө жаахан видео үзэж байгаад сандал зэрэгцүүлж тавиад унтлаа. Өглөө босоод шууд хэвлэх үйлдвэр орлоо. Тэнд Батсуурь, Ёндожамцтай сониныхоо асуудлыг ярицлаа. Яаж хийх, материалыг нь яаж олж өгөх талаар ярилцав. Нэг үгээр хэлбэл сонин ямар байх талаар тохиролцлоо. Дараа нь Зардыхан даргатай Засгийн Газрын ордон орж уулзлаа. Сониныг шийдэж өгсөн тухай ярив. Мөн консерватор хүчин нэгдэж байгаа талаар түгшиж байгаагаа хэлжээ. Дараа нь Очирхүү гуайтай сониныхоо цаасны тооцоог гаргалаа. Бас хувцасаа Ганхүлгийн өрөөнд орхичихоод нилээд сандрав.

Өглөөнөөс хойш автобус паркийн I, II-аас хүн ричихэд салдаггүй. I паркруу замд машин хоосон очлоо. Эх оронч фронтынхон оччихсон байв. Нилээд цаг авсаны дараа уулзалт эхэллээ. Хайран цаг боллоо. Яриа дуусаад 18-р гуанзанд жолооч нартай цуг хооллов. Дугуй заал орж яваад 11 жил уулзаагүй явсан Сэрчинжавтай таарлаа. Тэр МХЗЭ-ийн онц их хуралд иржээ. Манай сумаас Чадраабал төлөөлөгч, Сэрчинжав урилгаар иржээ. Зэрэг алтан тээлийн сонин жаахан сонсов. Ганхүү, Эрдэнэбат, Сэрчинжав бид нар цуг явж III хороололд байр үзээд манайд очив. Гэрээсээ хөдөө өгч явуулах жаахан материал авлаа. Буцаж редакциар дайрав.

Манай нөхөд “Улаан-Од”-ыг өөрчлөх бодолтой байгаа аж. Замдаа МХЗЭ (Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл)-ийн Онц их хурлын ажиллагааг сонирхов. Мандах (МХЗЭ ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга) тайзнаас намайг таньчихаад сандарсан бололтой хурлын төлөөлөгч биш хүн гар гэж шаардлаа. Эрдэнэбаатар, Уянга, Жамъян, Чадраабал гээд олон хүнтэй таарав. МХЗЭ-ийн хурлын төлөөлөгчид хурлын завсарлагаанаар намайг тойрч нилээд олон асуулт асуулаа. Бяцхан л өрсөлдөөн болов. Эвлэлийн хурал ч гэж хурал л болж байна даа.

Дугуй зааланд ирвэл Монголын Ардчилсан Намын нөхөд цугласан байв. Бат-Үүл өчигдөр оройн хурлын шийдвэр танилцууллаа. Бошигт, Цолмон, Батзориг, Билэгт, Баасан нар болон бусад хүмүүс ярилаа. Нилээд маргалдав. Би МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчдийн шийдвэрийг танилцууллаа. Бошигт, Батзориг, Билэгт нарыг МоАХ-нд үлдээх тухай (гишүүнээр) шийдвэр байсан юм. Шийдвэрийг зарим нь буруу ч гэж дайрлаа. Дахин авч ярилцах ч боллоо. Гэвч хурлын шийдвэр хүчин төгөлдөр гэдгээр тогтов.

Ням ах ирэв. Мандат олж өг гэж нилээд шаллаа. Арай гэж олж өгөв. Гурав хоногийн өмнө Монголын Ардчилсан Намд элссэн юм. Арслан, Хар ахад урилга явуулав. Орой Даваажавтай цуг гэртээ ирэв. Жаахан юм бичих гэсэн нойр хүрээд болдоггүй! Хувьсгалд байх ёстой зүйлүүд л явж байна.

Дурсамж хуваалцах