1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө – Хэвлэх үйлдвэрээр орж Ёндонжамцтай уулзлаа. Гэрээ хийхээр болов. Манайхаас бичиг хэрэгтэй гэв. Дугуйгаар очвол манайхан шөнөжин ажлаад өглөө дугхийсэн бололтой унтаж байв. Бүгдийг сэрээв. Мандатын комисс ч ирлээ. Хөдөө, аймаг, хотоос хүмүүс иржээ. Телевизийн нөхөд ирж ярилцлага авлаа. МоАХ-ноос сонин хэвлүүлэх тухай хүсэлт, МоАН-ын анхдугаар их хурлын зарлал бичлээ. Хэвлэх үйлдвэр орж Ёндонжамц, Жамсранжав нартай “Ардчилал” сонин хэвлүүлэх гэрээ байгуулав. Наана номын цехед манай сонинг өрж эхэллээ. Зургаар орж цайр бэлтгүүлэх талаар ярив.

Дугуй орлоо. Польшийн сурвалжлагч ирж асуугаад буцчихаж. Мижиддорж арслан бусад нөхөд ирж уулзав. Эрдэнэбаатар ирж “Залуучуудын Үнэн” сонины ерөнхий эрхлэгчийн сонгуулиас хасагдсанаа хэлэв. Шөнө гэрлүүгээ явсан хойгуур МоАХ-ны хүн гээд хассан бололтой. ШУТСО-ийн зочны блокод МоАН-ын анхдугаар их хуралд бэлтгэх комисс шилжиж ирэв. Польшийн сурвалжлагчтай уулзаж ярилцлаа. Ярилцлага өгчихөөд Пүрэвдаваа гуайтай цуг ШУТСО-гийн гуанз орж их хурлын хоолны бэлтгэлийн талаар ярилцлаа. Тэнд хооллов.

МХЗЭ-ийн их хурал өчигдөр 24:00-д дуусах байсан боловч дууссангүй. Өнөөдөр болтол хуралдаж л байна. Сонгуулийн дүн бас хойшилжээ. Ганзоригтой хэвлэх орж гэрээнд гарын үсэг зурлаа. Өрөх хянах хүн их хэрэгтэй болох нь. Мягмарсамбуу, Баяраа хоёр ирлээ. Отгоо ахыг сонин уншиж өгөөч гэж гуйв. Эргэж ШУТСО орж онц их хурлын сонгуулийн дүн сонсох гэсэн боловч дүн гарсангүй шүлэг уншсаар байгаад орой Залуучуудын Соёлын төвд үдэшлэгийн үеэр дүнгий нь хэлэх болоод тарав. Эрдэнэбаатар гарч үг хэлж бас шүлэг уншлаа. Цөөн хүн дэмжиж байх бололтой! Залуучууд тэр дундуур МХЗЭ-ийн гишүүн залуучуудын дотор радикал хүчнээс консерватор хүчин хэд дахин илүү байгаа нь харагдав.

Хүнд суртал, бялдуучлах, албан тушаалын дон залуу хүмсийг хүртэл зөнөглөөдөг ажээ. Эрдэнэбаатар минь ялагдсан талд ялалт байдгийг чи мэднэ. Иймээс ялагдал бол үргэлж ялалт байдаг юм шүү! Үргэлж үнэн шударгын талд, үргэлж ялалтын талд хатуу зогс. Бал ах Эрдэнэтээс МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр иржээ! Ням бас төлөөлөгч. Хар ах Арслан нар урилгаар

“Ардчилал” сониныг хийхэд маш олон хүн оролцлоо. Шөнө 03:00 үед сонин буулаа. Би сигналыг нь уншлаа. ШУТСО (Шинжлэх Ухаан, Техник, Соёлын Ордон)-д байрласан штабт очлоо. Машин жаахан хүлээлээ. Нүдний хор гаргахаар хэдэн хором унтах гэсэн боловч нойр хүрсэнгүй.

Дурсамж хуваалцах