1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өчигдөр шөнө бүхлээрээ унтчихаж. Яаруу сандруу цай уугаад гарлаа. 1 утастай өрөө өгсөн боловч ажиллах хүмүүс маань байгаа аж. Өглөө хот руу утасдлаа. Олон газар суугаа эсэргүүцэл хийж зарим газар өлсгөлөн зарлахаар бэлдэж байгаа аж. 11:20 -ийн үед Барилгын Удирдах Газрын материал үйлдвэр, авто гражийн 100 гаруй хүн 8 цагийн сануулах ажил хаялт зарлаж ирж талбайд суулаа. Мөн мод боловсруулахаас 18 хүн, НААҮ (Нийтийн Аж Ахуй Үйлчилгээ)-нээс хүмүүс (2 цех) ирж ажил хаялтаа зарлав.

Өдөр байж байтал 13:15-д Заяат дарга дуудлаа. Түүнтэй цуг аймгийн 5 удирдах хүн байлаа. Надаас цөөн зүйл асууснаа Аймгийн АДХ (Ардын Депутатудын Хурал)-ын тэргүүлэгчдийн мэдэгдэл уншиж цуглаан, өлсгөлөн, суугаа эсэргүүцэл, ажил хаялт зохион байгуулсан, МАХН, ардын төрийн эсрэг суртал ухуулга хийсэн, өлсгөлөн зогсоох биш даамжруулсан, асар их нөлөөтэй байгааг минь харгалзаж өнөөдрийн онгоцоор ирсэн хүмүүстэйгээ цуг буцахыг шаардлаа.

Энэ мэдэгдэлтэй холбож байр сууриа хэлэв. Ширүүхэн яриа өрнөлөө. Үнэн болон төв орон нутгийн радио сурвалжлагчид байлцав. Би гарч энэ мэдэгдлийг олон нийтэд мэдэгдэв. Миний дараа Мижиддорж байр сууриа тайлбарлав. Хүмүүс нилээд эсэргүүцлээ. Буцаж гортигноос гарахгүй нилээд зовоолоо. Би ирэхдээ мэдэгдэл, шаардлагаар ирээгүй учир буцахаа нөхөдтэйгээ ярих болов. Хот руу Зоригтой ярилаа. МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн тэргүүлэгчдийн шийдвэр цуцлаагүй байхад буцахгүй гэдгээ би хэллээ. Хүмүүс их таашаангуй хүлээж авлаа. Төвд болон олон газар эсэргүүцлээ бие дааж гүйцэтгэж буй аж. Өлсгөлөнчид гэрээ өчигдөр орой буулгав. Өдөр жаахан унтлаа. Онгоцоор 3 лам ирсэн тухай хэллээ. Айлд очиж уулзав. Баасан 2 ламтай цуг иржээ. Даваадоржийн талбайд ирж өлсгөлөн зарласан хүмүүст хийморийн сан тавьж Жанлавцогзол болон зарим ном судар уншиж адис хүртээлээ. Бид эмнэлэг орж Ганхүү болон албадан эмчилгээний 4-тэй уулзлаа. Бас сан тавилаа. 4-ийг хоолоо идэхийг хүслээ. Эргэж талбайд ирлээ. Цүнхээ айлаас авхуулав.

Орой Гунгаадорж радиогоор (21:00) цагт мэдэгдэл хийв. Маш аюултай зүйл байв. Би босож бодлоо ярив. АТХ (Ардын Түр Хурал), АТОЗ (Ард Түмний Онц Зөвлөл), Зарлиг, өлсгөлөн, ажил хаялт, хувьсгалын онцлогийн талаар ярив. Утсаар Дорлигжавтай ярилаа. Хотоос аюулаас хамгаалахын энгийн хувцастай хүмүүс ирсэн, мөн онгоц гарах тухай, барьж магадгүй талаар яриа сонсогдож байв. Орой айлд очиж хоол идлээ. Баасан ирж хэсэг асуултад хариуллаа. Янсанрагчаа гуайн зургийг авч, тэр хүнийг аймгийн даргатай уулзууллаа. Орой Даваажав буцлаа. Хотод хэвлэлийн бага хурал боллоо.

Дурсамж хуваалцах