1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө оройхон босов. Өчигдөр 03:00 дөхүүлж унтсан учир нам явчихаж. Гэрээрээ орж чадалгүй гараад ирсэн чинь царай алдаад, хиртээд маш их зутарч байна. Миний ард түмэн сайхан амьдралтай золгож байвал өчүүхэн би юусан билээ. Улс төрөөр оролдож буй хүмүүсийн хувь заяа хичнээн хөөрхийлөлтэй өрөвдөлтэй юм бэ дээ! Хамгийн сайн нөхөртэйгээ магадгүй аав, ээж, ах дүү, ханьтайгаа хүртэл муудаж болох зарим нэг хүнтэй бүр насны өстэй ч болж болох юм. Мөн нэг үйлдэлд орох юмуу, санамсаргүй алхам хийх, магадгүй шоронд ороход зөвхөн өөрөө зовоод зогсохгүй өрөөлийн хувь заяанд асар их нөлөөтэй байх юм. Эгэл хүний амьдралыг огоорон орхидог, эрдэнэт олдохуяа бэрх хүн төрлийг олсон боловч жаргалыг үздэггүй улс төр лүү орсон хүний амьдралаа гэж…

Өнөөгийн хувьсгалд эерэг эсрэг хүчнийг таньж мэдэх нь юутай хэцүү билээ. Эсрэг талын гарт зэр зэвсэг, үзэл суртал үйлчилдэг нь юутай гачлантай вэ? Энэ хувьсгал засгийн эрхийн төлөө биш ард түмэнд эрхийг нь эргүүлж олгохын төлөө байгаагаараа гол онцлог нь оршино. АТХ (Ардын Түр Хурал)-нь энэ эрхийг ард түмэнд олгох өргөн олон түмэн, олон ургальч үзэл, ардчилал амин сүнс нь байх ард түмний төр байх болно. Бид энэ талаар хичнээн ч олон вариант дэвшүүлж хичнээн ч их яривдаа. АТОЗ-нь АТХ-ыг байгуулж чадвал дараачийн хувьсгалт алхам болно. АИХ-ын тэргүүлэгчдийн жагсаал цуглааны талаар гарсан зарлигийг хүчингүй болгох буюу өөрчилж чадвал хувьсгалт тэмцлийн болон ард түмэнд байх ёстой тэмцэлийн нэг зэвсэг олонх ба цөөнхийн гарт шилжинэ гэсэн үг. Ажил хаялт мөн адил. Эдийн засагт олон сая төгрөгийн хохирол учирсан тухай хүмүүс ажил хаясан, ажлаа хийхгүй байгаа талаар ярих юм. Өмч эзэн 2 ингэтлээ холдох гэж дээ! За үүнийг больё доо!

Өлсгөлөн дээр байж байтал 1 хүн ирэв. 178 хүнийг төлөөлсөн гэсэн намын гишүүдийн намайг буцаах тухай мэдэгдэл өглөө. Эндхийн эвлэлийн хорооны тэргүүлэгч Жанчив гэдэг хүн ажээ. Хот руу утсаар ярилаа. Шороо шуурч нилээд сандаргав. Үдээс хойш нисэх орлоо. Зориг ирсэнгүй. Телевизийн болон баримтат киноныхон, Ламжав, 2 лам нилээд олон хүн ирцгээв. Мөн академич Цэрэн, Мавлет сайд нар ирэв. Тэднийг зочид буудалд буулгалаа. Хүмүүс ирсэн тухай цугларсан олонд хэллээ. Ламжав багш нилээд ярив. Телевизийнхэн ирж баахан зураг авлаа. Тэгээд ярилцлагад орлоо. Аймгийн удирдлага, хэвлэл мэдээллийнхэн, өлсөгчид, лам нар бусад олон хүн оролцсон 4 цаг гаруй ярилцлага боллоо. Тодорхой үр дүнд хүрсэнгүй. 4 депутат (Цэрэн, Мавлет, Заяат, барилгачин эмэгтэй) гарч ирж асуултад хариуллаа.

Дурсамж хуваалцах