1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө маш эрт бослоо. Шөнө нэг л унтсан болсонгүй. Өлсөгчидтэй цуг хэвтэж хэсэг унтлаа. Утсаар хот руу ярилаа. Хотод ардчилсан хүчний эвсэл, Цанжид, Сайд нарын Зөвлөлийн хариуцлагатай ажилтан, Чимэд нарын ярилцлагыг радиогоор бүтэн ярилаа. Ардчилсан Социалист Хөдөлгөөн (Гончигдорж, Батбаяр) Шинэ Дэвшилт Холбоо нар нэг л зөөлөн байр суурь бариад байна. Бат-Үүл их зөв зогсож байв. Ардын Түр Хурлыг- (зөвлөлдөх зөвлөл, сонгуулийн комисс, бага хурлаар) төлөөлүүлэх юм шиг ярилаа. Оюунгэрэл, Батжаргал, Баярмагнай бид 4 гуанзанд орж хооллов. Хүмүүст тайлбар өглөө. Олон удаа хүмүүст ярилаа. Эмнэлэг рүү лам нар, Оюунгэрэл, зурагтынхантай киноныхонтой очив. Тэнд байсан 6 хүнд өдрийн ярилцлагыг тайлбарлав. Чилхаажав баахан буруу ярилаа. Лам нар маань уншиж хийморийн сан тавилаа. Баяржаргалын төрсөн өдөр юм. Баасан цагаан дарь эхийг бэлэглэв. Хот руу ярьчихаад зочид буудал орлоо. Чилхаажавын ярианы 5 ойлгосонгүйг авлаа.

Нисэх оров. 2 лам, Ламжав багш буцлаа. Зориг ирлээ. Телевиз, баримтат киноныхон байлцав. Зориг шууд өлсгөлөн дээр ирлээ. Өлсөгчдийг үнсэж уулзаж ярилцлаа. Дараа нь үг хэллээ. Бүгд эмнэлэг оров. Хотоос Эрдэнэбаатар бас иржээ. Эмнэлэгт удаан ярилцлаа. Ганхүүтэй уулзав. Энхбаярынд очиж бүгд хооллов. Орой Зориг Мөрөнчүүдийн асуултад хариулж ярилцлаа. Эргэж буудал орлоо. Нилээд ярилцав. Маргааш өглөө Алаг-Эрдэнэ сум Хатгал хот явах боллоо. Урьдын хувьсгалд буу бариад тулалдаж байсан бол одоо сэтгэлийн, ухааны их тэмцэл явж зарим үед тулган шаардалт, өлсгөлөн зарлалт, ажил хаялт, жагсаал цуглааны хэлбэрээр илэрч байна. Цусгүй хувьсгал гэдэг хүн төрөлхтний сэтгэл оюуны, хүнлэг, ардчиллын их ялалт мэт санагдана.

Орой Зориг бид нар утсаар ярив. Протоколд гарын үсэг зурах талаар маргаж байгаа тухай ярилаа.

Дурсамж хуваалцах