1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Даваадорж өглөө Баасан бид 2-ыг дуудаж сэрээлээ. Босож жаахан цай ууж цуйван идлээ. Тэгээд модны МАЗ-аар Баярмагнай, Баасан бид 3 гарлаа. Эхлээд Алаг-Эрдэнэ сумаар дайрлаа. Сумын 2 даргатай нь уулзлаа. Радиогоор зарлуулах боллоо. Буриадаас зочид ирээд найрлаж байхад нь таарлаа. Орой 5-д ирнэ гээд Хатгал руу гарлаа. Хатгалын гуанзанд орлоо. Хотын намын даргатай уулзсан боловч мэндлээд өнгөрлөө. Гүйцэтгэх захиргааны дарга Ням-Очиртой уулзаж ярилцлаа. Залуу хүн гэхэд даанч яавдаа. Арай гэж ширүүлж байж радиогоор зарлав. Хүмүүс цугларсны дараа Ням-Очир гарч ирж алдаа хийснээ, зарлиг зөрчиж буйг, хүмүүсийг тарахыг уриалав. Хүмүүс яриа хийлгэхийг, ихэд хүслээ. Тэгээд уулзалт гаднах “цэнгээний талбай”-д эхлэв. Ярилцлага нэг их удсангүй. Ням-Очир ч эвгүй байдалд орлоо. Баасан ном уншиж, хийморийн сан тавилаа. Хүмүүс маш их баярлцгааж байв. Хатгалд хэдэн сонин зарж, утлага тараалаа.

Хатгалаас бас өөр МАЗ унаж буцлаа. Замдаа хэсэг саатлаа. Замын цагдаа ч бага зэрэг уялаа. Алаг-Эрдэнэ сум 19:00 өнгөрөөж ирэв. Сумын дарга нар орж ирж биеийн байцаалт шалгаж, цаг тогтоож хязгаарлах байдал гаргаж хүмүүсийн дургуйцлийг төрүүлчих шиг боллоо. Ярилцлага маш сайхан болж 90 гаруй хүн МоАН, МоАХ-ны гишүүнд элсүүлж, хурал хийж салбар зөвлөл байгуулж зохицуулагчаар Ганболдыг сонгов. 2 айлаар орж 3 дахь айлын хаалга мөргөж буцлаа. Орой 02:00 өнгөрч байхад Мөрөнд ирэв. Баярмагнайнд буутал өлсгөлөн 22:00 цагт зогссон тухай сонслоо. Үнэмшихэд нэг л бэрх санагдаж байв. Шууд эмнэлэг орж хүмүүстэйгээ уулзлаа. Уриалгууд гаргаж, байдлыг харгалзаж үзэж зөвлөлдөх зөвлөлөөс АТОЗ байгуулах, зарлигт өөрчлөлт оруулах санал тавих, сонгуулийн хуульд тодорхой өөрчлөлт оруулж (Ардын Түр Хурлыг орлосон) ярилцах зэрэг тохиролцоог зөвшөөрч, ард түмний сэтгэл санаа, цагийн байдлыг үнэлж өлсгөлөнг зогсоож (хувьсгал зогсоож) ? бүх юм шийдэж орхижээ. Түүхэнд олдсон 3 дахь боломж ингэж алдрах гэж үү дээ! Цаана нь баталгаа гарсан бололтой. Өнөөдөр хувьсгалын хувь заяагаар ард түмэн, Монголын түмний ирээдүйн сайн сайхныг ингэж шийднэ гэж юу билээ дээ! Түүх шүүх цаг үе гэж байдаг бол энэ мөч тийм өдөр хоромд хамаарагдах буй заа! Хүний үхлээр асуудлыг шийдэж болдогсон бол баярлаад л зөвшөөрмөөр байна.

Орой эргээд Баярмагнайгийнд очив. Буцаж буудалд ирлээ. Хүмүүс алга байжээ. Оюунгэрэл байж. Баасан бид 2 шөнө 04:00-ийн үед буудалд орлоо. Би удаан сууж өдрийн тэмдэглэл бичлээ. Хувьсгалын өрнөлтийн энэ шат эргээд хэзээ ч давтагдашгүй нь лавтай цаг үе гэдэг юутай сонин. Хувьсгал гэдэг юутай гайхамшигтай билээ дээ! Би энэ л хувьсгалын төлөө явж байна. Энэ хувьсгалын төлөө үхэх ч багадах юм. Юутай сонин хорвоо юм бэ дээ!

Дурсамж хуваалцах