1989 · 11 · 26 - 1993 · 04 · 05
Фонт томсгох
Фонт жижигрүүлэх
Эх тэмдэглэл харах

Өглөө оройхон бослоо. 1-р гуанзанд орж хооллов. Янз бүрийн сум руу явах болов. Амины машин олж Баярмагнайтай цуг явах болов. Айлд очиж дээл ч өмсөж үзлээ. Гутал олдсонгүй. Сэргийлэхийн хүн замд гарахын өмнө ирж ЦСГ (Цагдан Сэргийлэх Газар)-ын дарга хур Пүрэвжав, хур Мөнхдалай бас 1 байцаагч нар байв. Намайг буцахыг л шаардлаа. Суманд очоод клубт уулзалт хийхийг хүртэл зарлиг зөрчсөн гэж хэлнэ гэж тас зөрөв. 87 зүйл анги уншуулж сүрдүүлэх, шүүх аяс ч гаргалаа.

Өглөө Заяат дарга дээр Баасан, Баярмагнай бид нар машины асуудлаар орсон юм. Заяат зөвшөөрсөнгүй бид баахан мэтгэлцлээ. Зориг орж ирж Заяатыг хэд хэдэн удаа мостонд орууллаа. Баасан машины зөвшөөрөл авсан боловч явах машин алга гэсэн нэрээр бас дөнгүүлчихсэн юм. Мөн зам явах, томилолт шалгааж нилээд зовоолоо. Ер нь буцахаас өөр аргагүй боллоо. Юм бүтэхгүй байхад заримдаа эрхэнд нь орох нь ухаалаг арга бололтой. Тэгээд Оюунгэрэл, Баасан, Энхамгалан бид 4 Мавлет, Цэрэн, Өлзийбат нарын суусан машинд чихэж нисэх орлоо. Тэндээс билет ч амархан бүтлээ. Ингээд бид 5 онгоцоор буцлаа. Улаан дээлтэй бууны нохой (Даваацэрэн “Намхай”) биднийг онгоцонд суухыг харж байгаад буцлаа.

Нэг цаг 20 минут нисээд хотод буулаа. Нинж, Баярмаа, Даштүдэв, Дорлигжав нар тослоо. Өлсгөлөнгөөс гарч буй эмнэлэгийн нөхөдтэйгээ ч уулзаж чадалгүй гарлаа. Зориг замдаа бууж Баасан, Нинж бид 3 багшийнхаар оров. Бат-Үүл, Зориг 2-т багш ам муутай байлаа. Бат-Үүлийг гарын үсэг зурсанд, Зоригийг Хөвсгөлийн өлсгөлөн зогсоосонд их л дургуй байв. Гэхдээ нарийн учрыг ойлголцох нь зүйтэй юм шиг санагдлаа. Бат-Үүл, Зориг 2-ыг ирэхээ больж АХЭ (Ардчилсан Хүчний Эвсэл)-рүү гүйгээд хэлэлцээр гээд тохироогүй зүйл яриад яваад нь дургуй байгаа бололтой.

Бид 3 дугуй зааланд очив. Тэнд жинхэнэ халуухан юм болсон бололтой. Гарын үсэг зурснаас болж 2 хуваагдаж, зарим нь ч холбоо намаас гарах саналаа өгч байгаа гэнэ. (Жагаа, Батсүх, Эрдэнэбат, Оюунбилэг, Жавхаа…) Би ч бодлоо хэллээ. Хувьсгалд масс бэлтгэгдээгүй, зарим нэг алхам хийсэн, сүүлийн үед хамтын шийдвэр гаргахаа больсон зэрэг хувьсгалын цаашдын өрнөлтөд нөлөөлж, урьдын эрс ширүүн арга барилаа эргэн харж цаг үетэйгээ уялдуулан арга тактикаа бусад хүчинтэй хамтран боловсруулж ажиллахад хүрэх шиг боллоо. Сэлэнгэ, Дарханд үргэлжилж буй өлсгөлөнг сайн мэдэгдэл гаргах  журмаар, болж өгвөл төр засгийн дээд удирдлагаас хүнтэй очиж зогсоох нь зүйтэй мэт санагдлаа. Би маргаан дуусаагүй байхад гарлаа. Гэртээ 24 болох гэж байхад ирэв. Баахан санагалзсан санаа зовсон хүмүүс л байж. Усанд орж хоол цай идэж уучихаад унтав.

Дурсамж хуваалцах